Бээжин: Роботууд хүний тогтоосон дэлхийн дээд амжилтуудыг эвдэв
100 метрийн уралдааны бариа. © SCMP

Бээжин: Роботууд хүний тогтоосон дэлхийн дээд амжилтуудыг эвдэв


   Хятадын нийслэл Бээжин хотод болсон Хүн дүрст роботын дэлхийн II наадмын 100 метрийн зайн гүйлтийн тэмцээний аварга 9.39 секундийн амжилт үзүүлж түүхэн рекорд тогтоолоо. Бээжинд төвтэй “X-Humanoid” компанийн бүтээсэн “Tiangong Ultra” нэртэй энэ робот шигшээ уралдааны өмнө 100 метрийн дээд амжилтыг хоёр ч удаа шинэчлэн тогтоосноор энэ наадмын хамгийн олон рекорд эвдсэн робот болсон юм. Усэйн Болтын тогтоосон 100 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтыг (9.58 секунд) хүн дүрст робот ийнхүү анх удаа эвдэж байна.  Хоёрдугаар байрт орсон “Honor” компанийн “Lightning” робот 9.47 секунд гүйсэн нь мөн тэрхүү амжилтыг эвдсэн хэрэг боллоо. Сонирхуулахад, 2025 онд мөн Бээжинд болсон анхны наадамд түрүүлсэн робот 12 секундийн амжилт үзүүлж байжээ.

   “X-Humanoid” компанийн бусад робот мөн энэ наадмын хэд хэдэн төрөлд түрүүлсэн байна. Тухайлбал, өндрийн харайлтын тэмцээнд нэг робот 2.88 метр харайж, 1993 онд Кубын тамирчин Хавьер Сотомайорын тогтоосон 2.45 метрийн амжилтыг эвджээ. Мөн “Tiangong Omni” нэртэй робот 400 метрийн гүйлтийн тэмцээнд 45.66 секундийн амжилтаар аваргалсан юм. Уг роботын нүүрээ гараараа дарж буй байдалтайгаар гүйсэн бичлэг олон нийтийн сүлжээнд сая сая хүний сонирхлыг татсан байна. 

   Наймдугаар сарын 22-нд эхэлж өнгөрөгч лхагва гарагт өндөрлөсөн уг наадамд нийт 666 багийн 2056 робот оролцож бокс, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис зэрэг спортын 30 төрөлд өрсөлджээ. Мөн гэр ахуй, зочид буудлын үйлчилгээ, гал сөнөөх, аврах ажиллагаа зэрэг 21 төрлийг уг наадмын хөтөлбөрт багтаан аваргуудыг шалгаруулсан байна. Анхдугаар наадамд 280 багийн 500 робот 26 төрөлд өрсөлдөж байжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.