Егүзэр хутагтын тавдугаар дүр Данзанлувсанванжил лхаарамба цол хамгаална
Данзанлувсанванжил лам. © Эрдэнэмандал хийд

Егүзэр хутагтын тавдугаар дүр Данзанлувсанванжил лхаарамба цол хамгаална


   Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн хамба лам Данзанлувсанванжил Энэтхэг улсад 22 жилийн турш суралцаж ирсний эцэст лхаарамбын зэрэг хамгаалахаар болжээ. Цол хамгаалж хурал хуруулах арга хэмжээ ирэх 11 дүгээр  сарын 26-нд Өмнөд Энэтхэгийн  Балданбэрээвэн хийдийн Даш Гоман дацанд болох бөгөөд давхардсан тоогоор 13-14 мянган лам хурна хэмээн Эрдэнэмандал хийдээс мэдээлжээ. Хурал хуруулах арга хэмжээ нь юуны түрүүнд, эрдэмд боловсрох нөхцөл бололцоог бүрдүүлсэн дацан дуган, ном сургаалаа хайрласан дээдэс багш нартаа талархал өргөх ёслол юм. Мөн шашин, амьтны төлөөх хэтийн үйлээ даатгах, хуралд оролцож буй сүсэгтэн олонд үе үеийн эрдэмт дээдэс, хутагт хувилгаад, мянга мянган лам хуврагийн ном буяны адистидтэй хийд орноор эргэл мөргөл хийж, номын авшиг хүртэх, энэ болоод хойдын төрөл тутамдаа сайн төрлийг олж, амар амгалан байхын төлөө буян хураах боломжийг олгох зэрэг олон зорилго, ач холбогдолтой ажээ. Данзанлувсанванжил нь Монгол улсын шашин, төрийн нэрт зүтгэлтэн, Зүүн өмнөд хязгаарыг илбэн тохинуулах сайд, Халхын тамгатай хутагтуудын нэг Егүзэр хутагтын тавдугаар дүр юм. Тэрбээр Ардын хувьсгалаас хойш төрж буй лхаарамба цолтнуудаас анхны хувилгаан лхаарамба болж буй нь түүхэн онцлог үйл явдал ажээ.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.