Буриад: Итгэл хамбад зориулсан эрийн гурван наадам болно
ОХУ-ын Буриад улсад 2003 оноос хойш жил бүр зохион байгуулж буй “Итгэл хамбын найр” фестиваль есдүгээр сарын 15-нд Иволгийн дацанд болно. Буриадын Буддын шашны тэргүүн, XII Бандида хамба Итгэлийн Дашдорж буюу Итгэл хамбын мэндэлсний 174 жилийн ойд зориулж буй энэ баярыг Орос оронд Буддын шашныг хүлээн зөвшөөрсний 285 жил, Бандида хамбын тушаал бий болсны 262 жилийн ойтой хамтатган тэмдэглэх ажээ. Арга хэмжээг Оросын Буддын шашны нийгэмлэг, Буриад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Баярын эхний өдөр Буриадын лам хуврагууд томоохон хурал хурах бөгөөд Итгэл хамбад мандал өргөж, магтаал айлтгана. Баярын гол үйл явдлуудын нэг, сурагчдын нэгдсэн найрал дууны тоглолтод “Эх хэл манай баялаг” улсын уралдааны оролцогч, Бүгд найрамдах улсын янз бүрийн сургуулиудын 108 хүүхэд “Итгэл хамбын залбирал”, “Цагаан дара эхийн магтаал”-ыг дуулна. Улмаар Иволгийн дацангийн цэнгэлдэх хүрээлэн болон биеийн тамирын талбайнуудад спортын төрөл бүрийн тэмцээн уралдаан болно. Уламжлал ёсоор эрийн гурван наадам зохиогдох бөгөөд бөхчүүд 63 кг, 75 кг хүртэл болон 75 кг-аас дээш жингийн ангилалд өрсөлдөх юм. Үндэсний сур харваанд эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 50 метрийн зайд цэц мэргээ сорих бол хурдан морины уралдаан долоон өөр зайд болох ажээ. Мөн сээр шаах, шагайн наадаан зэрэг тэмцээнүүд явагдана.
Фестивалийн үеэр ардын гар урлал, чимэглэлийн болон хэрэглээний урлагийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, хонины ноос, нэхий, арьс, адууны хялгас, нэхмэл эдлэл зэрэг зөөлөн эд материал боловсруулж хийсэн бүтээлүүдийг нийтэд дэлгэнэ. Мөн хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулсан интерактив талбайнууд, мастер-классууд явагдаж, “Миний хувцас”миний бахархал” үндэсний хувцастай флэшмоб болох ажээ. Цаашилбал, Буриадын ардын дуучид, үндэсний бүжгийн хамтлагуудийн тоглолт явагдана.
Наадмын бас нэг сонирхолтой хэсэг нь “Хамгийн амттай цай, боов, зөөхий шалгаруулах” тэмцээн юм. 90 мянган рублийн шагналын сантай энэ тэмцээнд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэд, бизнес эрхлэгчид оролцох бөгөөд ангилал тус бүрд нэгдүгээр байранд 15 мянга, дэд байранд 10 мянган рубль, гуравдугаар байранд 5 мянган рубль олгоно. Наадмын оролцогч, үзэгчдэд зориулан Улаан-Үд хот, Иволгийн дацангийн хооронд цаг тутамд дөрвөн удаа автобус үйлчлэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




