Монтенегро улсын ерөнхийлөгч Монгол улсад айлчилна
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро улсын ерөнхийлөгч Яков Милатович маргааш манай улсад төрийн айлчлалаар хүрэлцэн ирнэ. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Я.Милатович тус улсын төрийн тэргүүний түвшинд манайд анх удаа айлчлах гэж байна. 10-ны пүрэв гараг хүртэл үргэлжлэх айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцах бөгөөд Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах ажээ. У.Хүрэлсүх 2025 оны есдүгээр сард Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Я.Милатовичтой уулзаж байв.
1992 оны Югославын задралын дараа Серби, Монтенегро улсууд хамтран холбооны улс байгуулсан боловч 2006 онд тус тусдаа тусгаар тогтнолоо зарласан бөгөөд манай хоёр улс 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм. Монгол улсаас Монтенегро улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Мөнхтөр өнгөрөгч 3-ны пүрэв гарагт ерөнхийлөгч Я.Милатовичид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ.
Монгол улсаас Монтенегро улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Мөнхтөр есдүгээр сарын 3-ны өдөр ерөнхийлөгч Я.Милатовичид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. © Монгол улсын Гадаад харилцааны яам.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




