"Монгол хатдын нууц товчоо" номыг фин хэлээр орчуулан гаргажээ
"Монгол хатдын нууц товчоо" номын фин орчуулгын хавтасны зураг. © rosebud.fi

"Монгол хатдын нууц товчоо" номыг фин хэлээр орчуулан гаргажээ


   АНУ-ын судлаач Жэк Вэдерфордын "Монгол хатдын нууц товчоо" ном фин (суоми) хэлээр хэвлэгдэн гарчээ. Монгол, Алтай, Сибирийн уугуул үндэстнүүдийн аман зохиолыг дагнан судалдаг Финландын эрдэмтэн Лаури Харвилахти энэ номыг орчуулсан бөгөөд “Rosebud” хэвлэлийн газраас эрхлэн "Mongolian kaanittaret" гэсэн нэртэйгээр хэвлүүлсэн байна. Тус хэвлэлийн газар өмнө нь “Монголын нууц товчоо”-г мөн Л.Харвилахтийн орчуулгаар гаргасан юм. Эдүгээ 76 настай Л.Харвилахти нь Хельсинкийн их сургуулийг дүүргэж, ардын аман зохиолын судлалаар докторын зэрэг хамгаалжээ. Улмаар тус их сургуулийн Соёл судлалын хүрээлэн болон Ардын аман зохиолын тэнхимд ажиллаж байв. Мөн 1831 онд анх байгуулагдсан Финландын Утга зохиолын нийгэмлэгийн Ардын аман зохиолын архивын захирлаар олон жил ажилласан байна. Л.Харвилахти фин үндэстний баатарлаг тууль "Калевала"-гаас эхлээд Евразийн ард түмний аман туульсын харьцуулсан судлалаар олон жинтэй бүтээл туурвисан хүн юм. Тэрбээр эрдэм шинжилгээний ажлынхаа хүрээнд Монголд олон удаа ирж, монгол ардын аман зохиол, туульчдын уламжлалыг гүнзгийрүүлэн судалж байсан туршлагатай ажээ.

   Дундад зууны үеийн Монголын түүхийн сэдвээр хэд хэдэн ном бичсэн АНУ-ын судлаач, антропологич Ж.Вэдерфорд “Монгол хатдын нууц товчоо” (“The Secret History of the Mongol Queens: How the Daughters of Genghis Khan Rescued His Empire”) номоо 2010 онд хэвлүүлжээ. Уг ном дараа жил нь монгол хэлнээ “Монголын их хатдын нууц товчоо” нэрээр гарсан бол улмаар хятад, солонгос, орос зэрэг хэд хэдэн хэлээр орчуулагдсан юм.    

 Лаури Харвилахти. © facebook.com/lauri.harvilahti 

"Монгол хатдын нууц товчоо" номын анхны хэвлэлийн хавтасны зураг. 

"Монгол хатдын нууц товчоо" номын монгол хэвлэлийн хавтасны зураг. 

"Монгол хатдын нууц товчоо" номын хятад хэвлэлийн хавтасны зураг. 

"Монгол хатдын нууц товчоо" номын солонгос хэвлэлийн хавтасны зураг. 

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.