44 настай сүпер модель зургаа дахь хүүхдээ төрүүлжээ
Оросын сүпер модель Наталья Водянова амаржиж, зургаа дахь хүүхдээ төрүүлснийг түүний ээж Лариса Кусакина woman.ru сайтад өчигдөр өгсөн ярилцлагадаа хэлжээ. 44 настай загвар өмсөгч өнгөрөгч 2-ны өдөр Францад амаржсан бөгөөд ээж нь түүнд туслахаар наймдугаар сарын сүүлээр тэнд очсон гэнэ. Охин эрүүл саруул төрсөн, ах, эгч нар нь ээждээ их тусалж байгаа талаар Л.Кусакина ярьсан байна. Шинэ хүнд Анна Наталья Лариса хэмээх гурвалсан нэр өгсний сүүлийнх нь эмээгийнх нь нэр аж.
1982 онд ОХУ-ын Горький (одоогийн Нижний Новгород) хотод төрсөн Н.Водянова 16 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд 2000-аад оноос хойш “Gucci”, “Chanel”, “Christian Dior”, “Calvin Klein” “Louis Vuitton” зэрэг дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж “Vogue”, “Harper's Bazaar”, “Marie Claire”, “ELLE” сэтгүүлийн нүүрэнд олонтаа гарсан юм. Тэрбээр Их Британийн язгууртан Жастин Портмантай 2001 онд гэрлэж гурван хүүхэд төрүүлсэн. Улмаар 2011 онд нөхрөөсөө салснаас хойш есөн жилийн дараа буюу 2020 онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Францын LVMH компанийн эзэн Бернар Арногийн хүү Антуан Арнотой гэрлэсэн билээ. Улмаар тэдний ууган хүү 2014, дараагийнх нь 2016 онд мэндэлсэн юм.
Н.Водяновагийн байгуулсан “The Naked Heart Foundation” буяны сан 2004 оноос хойш Орос болон дэлхийн олон оронд хүүхдийн тоглоомын 200 гаруй талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна.

Н.Водянова ээжтэйгээ. © Legion Media

Наталья Водянова, Антуан Арно нар хүүхдүүдийн хамт. © Legion Media

Наталья Водянова хүүхдүүдийн хамт. © Legion Media

Наталья Водянова, Антуан Арно нар. © Legion Media
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






