Санкт-Петербург: Монголын уран бүтээлчдийг Александринский театрын Эзэн хааны ёслолын танхимд хүлээж авав
ОХУ-ын Санкт-Петербург хотод болж буй Олон улсын театрын 17 дугаар фестивалийг Монгол улсын Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид нээж “Тэнгэрийн хүү” жүжгээ толилуулсан билээ. Санкт-Петербургийн Александринский театрт болсон энэ тоглолтын дараа манай уран бүтээлчдийг тус театрын Эзэн хааны ёслолын танхимд хүндэтгэн хүлээж авсан байна. Хүлээн авалтын дараа Улсын драмын эрдмийн театрын захирал Н.Наранбаатар, Александринский театрын захирал В.Фокин нар албан ёсоор уулзжээ. Уулзалтаар талууд хоёр улсын уран бүтээлчдийг өөр өөрийн театрт урьж тоглуулах, уран бүтээлийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, найруулагчдаа солилцон ажиллуулах гэх зэрэг олон талт сэдвийг хөндөн ярилцсан байна. Уулзалтын төгсгөлд Н.Наранбаатар В.Фокинд морин хуур бэлэглэжээ.
Хатан хаан I Елизаветагийн зарилгаар 1756 онд байгуулагдсан Александринский театр нь Оросын хамгийн эртний театруудын нэг юм. Октябрийн хувьсгалаас өмнө театрын тайзнаа А.Грибоедов, А.Чехов, Н.Гоголь, А.Островский нарын олон алдартай бүтээлийг найруулан тавьжээ. Өнгөрсөн зуунд уг театрт В.Мейерхольд тэргүүтэй Орос, Зөвлөлтийн олон алдартай найруулагч ажиллаж байсан түүхтэй.

Хүлээн авалтын үеэр. Александринский театрын Эзэн хааны ёслолын танхим. © Улсын драмын эрдмийн театр.
Хүлээн авалтын үеэр. Александринский театрын Эзэн хааны ёслолын танхим. © Улсын драмын эрдмийн театр.
Хүлээн авалтын үеэр. Александринский театрын Эзэн хааны ёслолын танхим. © Улсын драмын эрдмийн театр.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






