Хятад: Хаагдсан 15 мянган нүүрсний уурхайг тариалангийн зориулалтаар ашиглана
© Mechabytes

Хятад: Хаагдсан 15 мянган нүүрсний уурхайг тариалангийн зориулалтаар ашиглана


   Хятад улс нүүрсний хэрэглээг бууруулж, ногоон эрчим хүчний шилжилт хийх бодлогоо эрчимжүүлсэнтэй холбогдуулан ашиглалтаас гарч, хаагдах нүүрсний уурхайн тоо огцом нэмэгдэж байна. Шаньси мужийн Нүүрсний нөөцийг ногоон ба өндөр үр ашигтайгаар ашиглах инженерчлэлийн төвийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар, ашиглалт нь зогссон нүүрсний уурхай улсын хэмжээнд 2030 он гэхэд 15 мянга орчим бий болох төлөвтэй байгааг “China Mining Magazine” сэтгүүл мэдээлжээ. Судалгааны багийн тооцоолсноор, эдгээр уурхайнуудын газар доорх хонгил болон хоосон орон зайн нийт хэмжээ 7.2 тэрбум шоо метрт хүрэх юм. Одоогоор Хятад улсын хэмжээнд дахин ашиглахгүйгээр хаасан 12 мянга гаруй нүүрсний уурхай буй бөгөөд эдгээрт ойролцоогоор 5.3 тэрбум шоо метр хоосон орон зай үүсээд байна.

   Мэргэжилтнүүд газар доорх эдгээр асар их хоосон орон зайг аюулгүй байдлын эрсдэл, хэрэгцээгүй зүйл гэж үзэхийн оронд эдийн засгийн шинэ эргэлтэд оруулах шинэлэг шийдлүүдийг санал болгож байна. Нүүрсний уурхайн гүний орчин нь гадаргуугийн цаг агаарын хэлбэлзэл, температурын өөрчлөлтөөс бүрэн хамгаалагддаг тул, тохиромжтой энэ бичил уур амьсгалыг ухаалаг хөдөө аж ахуй, ургамал тариалалт болон судалгааны лаборатори байгуулахад нэн тохиромжтой хэмээн үзэж байгаа юм. Энэхүү судалгаа нь 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжуулалтад хүрэх Хятад улсын урт хугацааны стратегийн нэг хэсэг ажээ. Сүүлийн жилүүдэд тус улс жижиг, үр ашиггүй болон аюулгүй байдлын шаардлага хангаагүй олон зуун нүүрсний уурхайг дараалан хааж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдэд хөрөнгө оруулалтаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байна.

   Дээрх хэмжээний газар доорх байгууламжийг дахин ашигласнаар хөдөө аж ахуйн салбарт газрын гадаргуугийн нөөцийг хэмнэх, жилийн дөрвөн улиралд тогтвортой ургац авах, мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал түлхэц болно хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.