Иргэн бүрд 5000 доллар тараах Д.Трампын амлалтын хувь заяа хэрхэх вэ?
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Даллас хотод болсон Бүгд найрамдах намын чуулга уулзалт дээр үг хэлэхдээ, ирэх 11 дүгээр сарын Конгрессын дундын сонгуульд Бүгд найрамдах нам ялж хоёр танхимд олонх болбол тус улсын насанд хүрсэн иргэн бүрд 5000 доллар (Trump Dividend) олгоно хэмээн мэдэгдсэн билээ. Америкийн насанд хүрсэн 245 сая иргэнд тус бүр 5000 доллар тараахад ойролцоогоор 1.2 их наяд доллар шаардлагатай. Энэ нь цар тахлын үеийн тусламжийн гурван шатны багцыг нийлүүлснээс ч их дүн юм. Д.Трамп болон түүний засаг захиргаа уг мөнгийг АНУ-ын тарифын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас санхүүжүүлнэ гэж мэдэгдсэн боловч эдийн засагчдын тооцоолсноор АНУ-ын импортын тарифын 10 жилийн хуримтлагдсан нийт орлого ч энэ 1.2 их наяд долларыг бүрэн нөхөж хүрэхгүй ажээ. Мөн Д.Трамп уг төлбөрийг ерөнхийлөгчийн зарлигаар олгох боломжтой гэж буй ч, АНУ-ын хуулиар улсын төсвөөс ийм хэмжээний мөнгө гаргахад заавал хууль батлах шаардлагатай юм. Охайо мужийн сенатор Берни Морено сонгуулийн дараа уг хуулийн төслийг өргөн барихаа мэдэгдсэн боловч Засгийн газрын өр 40 их наяд долларт хүрээд буй энэ үед уг амлалт инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй хэмээн эдийн засагчид болон Ардчилсан намынхан, мөн зарим Бүгд найрамдахчууд шүүмжилж байна.
Энэ нь Трампын бэлэн мөнгөний анхны амлалт ч биш юм. Өмнө нь Засгийн газрын бүтээмжийн яамны (DOGE) үйл ажиллагааны хүрээнд хэмнэсэн мөнгөнөөс болон тарифын орлогоос иргэн бүрд 2000 доллар олгоно хэмээн тэрбээр амласан ч амьдрал дээр биеллээ олоогүй. Харин 2025 онд батлагдсан One Big Beautiful Bill хуулийн дагуу 2025-2028 онд төрсөн хүүхэд бүрийн нэр дээр 1000 ам.доллар хадгалуулах туршилт эхэлсэн ба цаашид жилийн 5000 хүртэлх долларын хуримтлал үүсгэх "Trump Accounts" хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж байна. Одоогоор 5000 доллар олгох амлалт хууль болон батлагдаагүй, зөвхөн сонгуулийн амлалтын шатанд байгаа бөгөөд ажил хэрэг болох эсэх нь 11 дүгээр сард болох сонгуулийн үр дүн болон Конгрессын шийдвэрээс бүрэн хамаарах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







