Хятадад илжигний эрэлт ихэссэнээр Пакистанд бизнесийн шинэ боломж нээгдэв
© “Straits Times”

Хятадад илжигний эрэлт ихэссэнээр Пакистанд бизнесийн шинэ боломж нээгдэв


   Дэлхийд хоёрдугаарт орох том эдийн засагтай Хятад улсад илжигний арьс болон махны эрэлт сүүлийн жилүүдэд үлэмж хэмжээгээр нэмэгдсэн нь хөрш Пакистан улсад экспорт болон фермийн аж ахуйн шинэ боломжийг олгож байна. Илжигний арьсыг цэвэршүүлж, олон цагаар чанан гаргаж авдаг нэгэн төрлийн царцаамгийг 2000 гаруй жилийн түүхтэй Хятадын уламжлалт анагаах ухаанд чухалчлан хэрэглэдэг. Эжяог цус шингэлэх, дархлаа дэмжих, залуужуулах үйлчилгээтэй гэж үздэг бөгөөд Хятадад дунд чинээлэг иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр энэ бэлдмэлийн эрэлт огцом өссөн юм. “Business Recorder” сэтгүүлийн бичсэнээр, Хятадын зах зээл дэх эжяогийн хэрэгцээ 7.8-8 тэрбум ам.долларт хүрээд байна. Гэвч тус улсад илжигний тоо толгой сүүлийн 20 гаруй жилд 11 саяас 2 сая орчим болж буурсан тул гадаадаас импортлохоос өөр аргагүйд хүрчээ. Харин Пакистан улс нь илжигний тоо толгойгоор Этиоп, Суданы дараа дэлхийд гуравдугаарт ордог бөгөөд 5.5 сая гаруй илжигтэй аж. Иймээс Хятадын компаниуд Пакистанд хөрөнгө оруулж, илжиг үржүүлгийн орчин үеийн ферм, тусгайлан төхөөрөх үйлдвэр барьж эхэлжээ. Пакистаны Хайбер-Пахтунхва болон Пенжаб мужийн захиргаа Хятадад амьд илжиг болон арьс, мах экспортлох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, Хятадын хөрөнгө оруулагчидтай хамтарсан төслүүд эхлүүлээд байна. Хоёр улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн гэрээний дагуу Пакистан улс жилд 200 мянган илжиг (мах, арьс) экспортолсноор жилд 375-400 сая ам.долларын орлого олох тооцоолол гарчээ. Пакистаны “Straits Times” сонины мэдээлснээр, Хятадын "Hangeng" групп Пакистаны Гвадар боомтод 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, орчин үеийн технологиор нядалгаа хийх, боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулан өдөрт 800 гаруй илжиг нядлах хүчин чадалтай ажиллаж байна. 

   Хятадын эрэлтээс үүдэн Пакистаны дотоодын зах зээлд илжигний үнэ урьд өмнө байгаагүйгээр өсөж 300 мянган пакистан рупи буюу 1000 шахам долларт хүрчээ. Мөн илжигний сайн арьс зарим зах зээлд 1000 доллар хүрээд байгаа аж. Энэ бизнес нь Пакистаны хөдөө аж ахуйн салбарт орлого олох таатай боломж боловч зарим сорилтыг дагуулж байгаа юм. Илжиг нь жилд ганцхан төл гаргадаг тул экспорт нэмэгдсэнээр тоо толгой нь буурах эрсдэлтэй. Пакистаны хөдөөд илжиг нь ядуусын тээврийн гол хэрэгсэл болдог тул илжигний үнэ өсөх нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Ямартай ч Хятадын зах зээлийн асар том эрэлт Пакистаны хөдөө аж ахуй, экспортын салбарт орлогын шинэ үүд хаалга нээж байгаа бөгөөд талууд цаашид үржүүлгийг эрчимжүүлэх замаар энэ бизнесийг өргөжүүлэх зорилт тавьж байгаа ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.