АНУ сансрын тойрог замд зэвсэг байрлуулснаа зарлалаа
Сансарт тусгай ачаа хүргэхээр хөөрч буй АНУ-ын "Atlas V" пуужин. 2024 он. © Joe Marino/UPI/REX/Shutterstock

АНУ сансрын тойрог замд зэвсэг байрлуулснаа зарлалаа


   АНУ сансрын тойрог замд зэвсэг илгээн байрлуулснаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн талаар Их Британийн “The Guardian” сонин өнөөдөр мэдээллээ. Вашингтон дэлхийн тойрог замд байлдааны болон довтолгоо, хамгаалалтын зориулалттай зэвсэг байрлуулсныг АНУ-ын Агаарын цэргийн хүчний нарийн бичгийн дарга Трой Мейнк олон нийтэд зориулан хийсэн албан ёсны мэдэгдлээрээ нотолжээ. Тэрбээр зэвсгийн төрлийг тодорхой дурдаагүй ч, энэ нь дайсан этгээдийн заналхийллээс хамгаалах болон хариу цохилт өгөх хэрэгсэл байж болзошгүй хэмээн шинжээчид таамаглаж байна. Энэ мэдэгдлийн дараа Хятадын Гадаад харилцааны яам АНУ-ыг сансарт дайн хийхээр бэлтгэж байна гэж буруутгасан бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сансрыг аливаа зэвсгээс бүрэн ангид байлгах ёстойг сануулжээ. Энэ мэдэгдэл нь БНХАУ болон ОХУ-ыг сансарт ижил төрлийн зэвсэг байрлуулахад хүргэж, геополитикийн өрсөлдөөнийг хурцатгана гэж нэртэй астрономич Жонатан Макдауэлл болон аюулгүй байдлын шинжээч Викториа Самсон нар анхааруулсан байна. 1967 онд ЗХУ, АНУ, Их Британи улсууд анх гарын үсэг зурж, одоогийн байдлаар 127 орон нэгдээд буй "Сансрын тухай гэрээ" ёсоор үй олноор хөнөөх зэвсгийг сансарт байрлуулахыг хориглосон ч, энгийн зэвсэглэлийг шууд зааж хориглоогүй билээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.