Өмнөд Солонгосын хар тамхины бүлэглэлийн толгойлогч Филлипиний шоронгоос дроноор оргохоор төлөвлөж байжээ
Пак Ван Ёль. © "South China Morning Post"

Өмнөд Солонгосын хар тамхины бүлэглэлийн толгойлогч Филлипиний шоронгоос дроноор оргохоор төлөвлөж байжээ


   Филиппинд гурван солонгос иргэний амийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлэн хоригдож буй Өмнөд Солонгосын хар тамхины бүлгийн толгойлогч шоронгоос дроноор оргохоор төлөвлөж байгаад баригджээ. 47 настай Пак Ван Ёлийг өнгөрөгч гуравдугаар сард эх оронд нь шалгахаар түр шилжүүлэн авсан бөгөөд тэрбээр үүнээс өмнө амжин оргох гэж байсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Филиппиний JTBC сувгийн мэдээлснээр, Пак Ван Ёль 75 килограмм хүртэлх ачаа тээвэрлэх чадалтай том дронд зүүгдэн шоронгоос гарахаар төлөвлөж байжээ. Гэвч түүний хамсаатнуудын нэг дроныг туршиж буй бичлэг орон нутгийн хэвлэлд гарснаар уг төлөвлөгөө нурсан байна.

   2016 онд Өмнөд Солонгосын гурван иргэний амийг хөнөөсөн Пакт Филиппиний шүүх 2022 онд 60 жилийн хорих ял оноосон юм. Хоригдож байсан ч тэрбээр гар утас ашиглан, Өмнөд Солонгос руу мансууруулах бодис нэвтрүүлэх, худалдах ажлаа үргэлжлүүлсээр ирсэн гэж Сөүлийн хүчний байгууллагууд үздэг байна. Өмнөд Солонгосын эрх баригчид түүнийг шилжүүлэн авч мөрдөн шалгахын тулд олон жил чармайсны эцэст гуравдугаар сарын 25-нд Сөүлд авчирсан юм.

   JTBC сувгийн мэдээлснээр, Пакийн анхны оргох төлөвлөгөө ондоо байжээ. Юу гэвэл, түүнийг өөр шорон руу шилжүүлэх үед гэмт бүлэглэлийн гишүүд шоронгийн машинд халдан түүнийг чөлөөлж авах ёстой байв. Энэ ажиллагаанд шаардлагатай буу зэвсгийг ч бэлтгээд байсан гэж мэдээнд дурджээ. Дараа нь Пак энэ санаагаа орхиж, илүү нарийн төвөгтэй ажиллагаа хийхээр шийдсэн байна. Улмаар түүний хамтрагчид дроноор хүн зөөвөрлөх туршилт хийсэн байна. Филиппинд тарсан бичлэгт, том дроноос зүүгдсэн эрэгтэй хүн агаарт хэдэн метр өргөгдөөд, усанд унаж байгаа нь үлджээ. “Филиппиний шоронд радио долгион сарниулагч байдаггүй тул дрон нисгэх нь тийм ч хэцүү биш" гэж, Пактай хамт хоригдож байсан нэгэн хоригдол JTBC-д ярьсан байна.

   Гуравдугаар сард орон нутгийн хэвлэлүүд уг туршилтын бичлэгийг нийтэлснээр Пакийн төлөвлөгөө илчлэгджээ. Үүний дараа Пакийг шилжүүлэх хуваарь өөрчлөгдөж, тэрбээр оргох оролдлогоо орхиход хүрсэн гэнэ. Пак энэ ажиллагааг бэлтгэхэд ойролцоогоор 100 сая вон буюу 74,000 ам.доллар зарцуулсан хэмээн “Korea Herald” сонин бичжээ. Тэрбээр өмнө нь 2017 болон 2019 онуудад Филиппиний цагдан хорих байрнаас оргож байсан гэнэ.

   JTBC-д ярилцлага өгсөн хоригдол мөн Пакийг Филиппинд хоригдож байхдаа давуу байдал, тусгай хангамж эдэлж байсан гэжээ. Уг хоригдлын ярьснаар Пак тав тухтай байр, агааржуулагч, зурагт болон гар утас ашиглах эрх зэрэг тусгай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сард ойролцоогоор зургаан сая вон төлдөг байсан аж.  

   Дроноор оргох төлөвлөгөө нь бүтэлгүйтсэнээс хэдэн долоо хоногийн дараа түүнийг Сөүлд авчирсан юм. “South China Morning Post” сонины бичсэнээр, тэрбээр Филиппиний шоронд хоригдож байхдаа Өмнөд Солонгос руу хар тамхи хууль бусаар нэвтрүүлэх болон борлуулах ажлыг удирдсан хэрэгт шалгагдаж байгаа юм. Гэсэн хэдий ч түүнийг эх оронд нь хэр удаан байлгах нь тодорхойгүй байна. Филиппиний Засгийн газар Пакийг бүрмөсөн шилжүүлж өгөөгүй, харин түр шилжүүлэх хэлэлцээрийн дагуу хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нь түүнийг Сөүлд ойролцоогоор 10 сар саатуулна гэсэн үг. Хуулийн байгууллагууд түүнийг өөр хэрэгт нэмж сэжиглэн, үргэлжлүүлэн саатуулах зөвшөөрөл авч чадахгүй бол Пак ирэх оны эхээр Филиппин рүү буцаагдахаар байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.