Чацарганын навчинд агуулагддаг бодис хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоов
© Комсомольская правда

Чацарганын навчинд агуулагддаг бодис хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоов


   Оросын эрдэмтэд чацарганын навчинд агуулагддаг казуариктин хэмээх байгалийн нэгдэл нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлдаг болохыг тогтоосон тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас "РИА Новости" агентлагт мэдээллээ. "Бүх  Оросын эмийн болон анхилуун үнэрт ургамлын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд чацарганын навчинд байдаг казуариктин хэмээх байгалийн нэгдэл хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг судалж тогтоосон. Уг нэгдлийн хэмжээ болон үйлчлэх хугацаанаас хамаарч хорт хавдрын эсийн идэвхжил буурч байв" гэж мэдээлэлд дурджээ.

   Эрдэмтэд казуариктины нөлөөг умайн хүзүүний хорт хавдрын эсээс гаргаж авсан стандарт загвар дээр судалсан болохыг тус яам онцолсон байна. Чацарганын навчнаас ялгаж авсан бодисыг өөр өөр тунгаар эсүүд дээр өсгөвөрлөсний дараа, тэдгээр эсийн идэвхжлийг хэмжих, амьд ба үхэжсэн эсийг шууд тоолох гэсэн хоёр аргаар үнэлжээ. "Үүний үр дүнд казуариктиныг цаашид нарийвчлан судлах зайлшгүй шаардлагатай гэж бид үзлээ. Энэ бодис нь хорт хавдрын эсийг хүчтэй дарангуйлдаг нь харагдсан бөгөөд энэ нь хорт хавдрыг анагаах бэлдмэл бүтээх бололцоог нээж байна" гэж хүрээлэнгийн ахлах эрдэмтэн Елена Жничковагийн хэлснийг яамны мэдээлэлд эш татжээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.