Япон: Хүний биед гахайн бөөр шилжүүлэн суулгах эмнэлзүйн туршилтыг эхлүүлнэ
Гэрэл зураг © Getty Images

Япон: Хүний биед гахайн бөөр шилжүүлэн суулгах эмнэлзүйн туршилтыг эхлүүлнэ


   Японы "PorMedTec" стартап компани хүний биед гахайн бөөр шилжүүлэн суулгах эмнэлзүйн туршилтыг 2028 он гэхэд Японы хоёр эмнэлэгт эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа өчигдөр зарлалаа. “Мэйжи” их сургуулиас салбарласан тус компани нь АНУ-ын "eGenesis" биотехнологийн компанийн гаргаж авсан генийн өөрчлөлттэй гахайн эсийг импортолж, улмаар энэ эсээс клоны аргаар гаргаж авсан гахайг өсгөж байна. Эмнэлзүйн туршилтын хүрээнд эдгээр гахайн бөөрийг Саппоро хотын Хоккайдогийн их сургуулийн эмнэлэг болон Канагава мужийн Камакүра дахь “Шонан Камакүра” нэгдсэн эмнэлэгт өвчтөнүүдэд суулгах аж. Амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэн суулгах нь донор эрхтний дутагдлыг нөхөх амин чухал арга хэмээн өнөөгийн шинжлэх ухаанд үзэж байна. "PorMedTec" компани энэ туршилтаараа амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэн суулгах үйл явцын аюулгүй байдлыг баталгаажуулсны дараа энэ аргыг үйлдвэрлэл болон зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл авахаар зорьж байгаа юм.

   Мэс заслын дараа дархлаа унах эрсдэлийг арилгах, гахайн вирус хүнд халдварлах эрсдэлийг бууруулах зорилгоор эрдэмтэд "eGenesis"-ийн гахайн 69 генд өөрчлөлт хийсэн бөгөөд АНУ-д эдгээр гахайн бөөрөөр дөрвөн удаагийн эмнэлзүйн туршилт хийгээд байна. Улмаар хагалгаанд орсон өвчтөнүүд хамгийн дээд тал нь есөн сар орчим хугацаанд диализийн эмчилгээ хийлгэх шаардлагагүй болсон юм.  

   Япон улсад одоогоор 300 гаруй мянган хүн бөөрний өвчний улмаас диализийн эмчилгээ хийлгэж байгаа бол 15 орчим мянган хүн бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр донорын эрхтэн хүлээж байна. Гэтэл Японы Эрхтэн шилжүүлэн суулгах сүлжээний мэдээллээр, тархи нь үхэжсэн хүмүүсээс эрхтэн шилжүүлэн суулгах тохиолдол жилд ердөө 200 орчим байдаг нь эрхтний ноцтой хомсдол үүсэж байгааг харуулж байгаа юм. Ийм нөхцөлд Засгийн газар амьтнаас эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг энэ сарын эхээр зарласан төр-хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын замын зураг дахь гол чиглэлүүдийн нэгээр тодорхойлжээ. Ингэснээр Засгийн газар дотооддоо энэ чиглэлийн технологи, үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлж, уг аргыг эмнэлгийн практикт аль болох түргэн нэвтрүүлэхийг зорьж байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.