images

Буриадын клубт хичээллэдэг халимаг бөх ОХУ-ын аварга болов

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2025-05-05


   ОХУ-ын Красноярск хотод өчигдөр өндөрлөсөн чөлөөт бөхийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Буриадын халимаг бөх Дамдин Манжиев түрүүлжээ. 100 килограммын жинд барилдсан Д.Манжиев нь  Буриадын чөлөөт бөхийн “Зугаалай” клубийн бөх бөгөөд энэ спортоор эрчимтэй хичээллэхээр одоогоос хоёр жилийн өмнө Буриадад ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр орон нутгийн чанартай хэд хэдэн тэмцээн, тухайлбал Оросын бага УАШТ гэгддэг Нальчикийн тэмцээнд түрүүлжээ. Красноярскийн тэмцээнд тэрбээр Дагестан, Ханты-Мансийск, Умард Осети, Ингушет, Москвагийн хүчтэй өрсөлдөгчидтэй учраа таарч тав дараалан ялснаар ОХУ-ын аварга цолыг хүртлээ. “Зугаалай” клубийн бөх, мөн Халимагийн иргэн Данзан Тюрбейев өнгөрсөн онд Владикавказад болсон идэрчүүдийн тэмцээнд түрүүлж ОХУ-ын аварга болсон юм. Буриадын чөлөөт бөхийн хувийн төрөлжсөн сургууль болох “Зугаалай” клубыг Буриадын алдартай бөх, ЗСБНХОУ-ын аварга, чөлөөт бөхийн Спортын мастер Владимир Жалсараев зургаан жилийн өмнө нээжээ. Монгол улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаан-Үд хотод болсон “Baikal Open” тэмцээнд оролцохдоо энэ клубт зочилж буриад хүүхдүүдэд хичээл заасан билээ.  

Нүүр зурагт: Буриадын хоёр халимаг бөх Дамдин Манжиев, Данзан Тюрбейев нар.  

Гэрэл зургийн эх сурвалж: “Буряад үнэн” сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.