Япон улс 80 жилийн дараа анх удаа тагнуулын алба байгуулахаар боллоо
Японы ерөнхий сайд Санаэ Такаичи. © Kyodo / Reuters

Япон улс 80 жилийн дараа анх удаа тагнуулын алба байгуулахаар боллоо


   Япон улс гадаад тагнуул, сөрөг тагнуул болон кибер аюулгүй байдлы албадыг нэгтгэсэн, бие даасан иж бүрэн Тагнуулын төв агентлагийг шинээр байгуулах төлөвлөгөөгөө албан ёсоор зарлалаа.Дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал эрс хурцдаж, бүс нутгийн аюулгүй байдалд шинэ сорилтууд тулгарч буй энэ үед Токио үндэсний аюулгүй байдлын бодлогодоо түүхэн эргэлт хийхээр шийдвэрлэлээ” хэмээн энэ алхмыг нь олон улсын шинжээчид дүгнэж байна. Энэ шийдвэр нь Япон улс Дэлхийн II дайнаас хойш баримталж ирсэн батлан хамгаалах чиглэлийн "ажиглагч" байр сууринаасаа татгалзаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл цуглуулах бие даасан чадавхиа эрс нэмэгдүүлж буйг харуулж байгаа юм.

   1945 он буюу Дэлхийн II дайны төгсгөл хүртэл Японд "Кэмпэйтай" буюу Цэргийн болон нууц цагдаагийн алба, "Токкэйтай" буюу Морин цэрэг, Тэнгисийн цэргийн нууц алба болон Засгийн газрын дэргэдэх Мэдээллийн товчоо зэрэг тагнуулын хүчирхэг сүлжээнүүд ажиллаж байв. Япон улс дайнд ялагдаж, АНУ тэргүүтэй холбоотнууд тус улсыг эзэлсний дараа тэдний цэрэг-тагнуулын бүх бүтцийг 1945 оны 12 дугаар сард албан ёсоор татан буулгасан юм. Мөн шинээр баталсан Үндсэн хуулиар цэргийн хүч хэрэглэх болон гадаадад бие даасан тагнуул хийх эрхийг нь холбоотнууд хязгаарласан юм. Дайнаас хойш өнөөг хүртэл Япон улсад нэгдсэн тагнуулын агентлаг байгаагүй бөгөөд мэдээлэл цуглуулах чиг үүргийг Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам болон Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн аюулгүй байдлын мэдээллийн агентлаг (PSIA) гэх мэт салангид байгууллагууд тус тусдаа гүйцэтгэж иржээ.

   Ажиглагчдын үзэж байгаагаар, уг шийдвэрийг гаргахад юуны түрүүнд бүс нутгийн геополитикийн тэнцвэргүй нөхцөл байдал нөлөөлжээ. Энэ нь Зүүн Азийн бүс нутаг дахь цэргийн хүчний өсөлт, заналхийлэл болон Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөр тогтмол идэвхжиж байгаа явдал юм. Харин дараагийн шалтгаан нь, кибер аюулгүй байдал бөгөөд сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн чухал дэд бүтцүүдэд чиглэсэн кибер халдлага эрс нэмэгдсэн тул кибер орон зайд тагнах, хамгаалах чадавхыг сайжруулах шаардлага үүссэн байна. Эцсийн бүлэгт, аюулгүй байдлын мэдээлэл нь бусдаас хамааралтай байгаа нь Токиог ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Япон улс уламжлал ёсоор АНУ болон бусад холбоотон орнуудаас тагнуулын мэдээлэл авдаг байсан бол одоо өөрийн гэсэн дэлхийн хэмжээний мэдээлэл цуглуулах сүлжээтэй болохыг зорьж байна.

   Эрх баригчдын энэ шийдвэрийг зарлахдаа Засгийн газрын төлөөлөгч “Дэлхий нийтийн аюулгүй байдлын орчин хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс зөвхөн ажиглагч байж болохгүй. Ирээдүйн сорилтуудыг цаг алдалгүй урьдчилан мэдэж, шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангаж чадах орчин үеийн, өндөр чадамжтай тагнуулын албатай болох нь Японы тусгаар тогтнол болон ард иргэдийн аюулгүй байдлын баталгаа юм" хэмээн хэлснийг “Japan Times” сонин эш татжээ. Шинээр байгуулагдах Тагнуулын төв агентлаг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шууд удирдлага дор ажиллах бөгөөд одоогийн Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх мэдээллийн салбаруудыг нэгтгэн, нэгдсэн системд оруулснаар давуу талтай юм. Мөн уг алба нь хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын систем болон тоон технологид суурилсан технологийн тагнуулыг чухалчлахаас гадна хилийн чанад дахь тагнуулын сүлжээгээ идэвхтэй тэлнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

   Японы парламент ирэх намрын чуулганаар уг агентлагийг байгуулах хуулийн төсөл болон Төрийн нууцын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ. Энэхүү түүхэн алхам нь зөвхөн Японы үндэсний аюулгүй байдалд төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн хүчний харьцаанд томоохон нөлөө үзүүлнэ хэмээн шинжээчид үзэж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.