Өвөр Монгол: “DeepSeek” AI компани 35 тэрбум доллароор мега дата төв барина
© Getty Images / Bloomberg

Өвөр Монгол: “DeepSeek” AI компани 35 тэрбум доллароор мега дата төв барина


   Хятадын хиймэл оюуны ухааны салбарын тэргүүлэгч компанийн нэг “DeepSeek” Өвөр Монголд томоохон дата төв барих гэж байгаа талаар “Bloomberg” агентлаг мэдээллээ. “DeepSeek” компани энэ талаар өөрөө хараахан зарлаагүй байгаа бөгөөд баттай эх сурвалжаас мэдээлэл авснаа агентлаг тодотгожээ. “Bloomberg”-ийн мэдээлснээр, дата төвийг Өвөр Монголын аймгийн зэрэглэлтэй томоохон хотын нэг Улаанцавд барих гэж байгаа аж. Улаанцав нь Бээжингээс баруун хойш 350 километрт оршдог, 2.5 сая хүнтэй хот бөгөөд жилийн дундаж температур нь ойролцоогоор дөрвөн хэм юм. Дата төвийн зардлын ихэнх нь серверүүдийг хөргөхөд зарцуулагддаг тул хүйтэн газар сонгосон нь энэ бололтой. Сэрүүн уур амьсгал нь серверүүдийг хөргөх агааржуулагчийн эрчим хүчний хэрэглээг 30-40% хүртэл бууруулдаг. Мөн AI моделиудыг сургахад хамгийн том зардал нь цахилгаан байдаг байна. Тэгвэл Өвөр Монгол, тэр дундаа Улаанцав орчим нь салхи, нарны эрчим хүчний арвин нөөцтэй, цахилгааны үнэ хямд ажээ. Мэдээнд дурдсанаар, “DeepSeek” компани Өвөр Монголд дата төвийн сервер, сүлжээний тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцах инженер болон логистикийн менежерүүдийн ажлын байр зарлаж, олон арван хүн ажилд авсан гэнэ.  Эхний хэсэг нь 2027 оны эцэс гэхэд ашиглалтад орох дата төв нэг гигаватт хүчин чадалтай байх бөгөөд энэ нь нэг сая өрхийн эрчим хүчний жилийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.

   Дата төвийн хүчин чадлын ангиллаар мега буюу дэлхийд томд орох энэ байгууламжид нийт 35 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд жилийн орлого нь 500 сая долларт хүрээд буй ч энэ нь хангалтгүй тул “DeepSeek” Шанхайн хөрөнгийн биржэд хувьцаа гаргахаар бэлтгэж байна. Мөн “DeepSeek”-ийг үүсгэн байгуулагч Лян Вэньфэний удирддаг “High-Flyer” хөрөнгө оруулалтын сан гол зардлыг санхүүжүүлэхээс гадна “Tencent”, CATL зэрэг Хятадын технологийн томоохон компаниуд энэ төсөлд хөрөнгө оруулахыг сонирхож байгаа ажээ. Дата төвийн хөрөнгө оруулалтын 60 орчим хувь AI процессор, сүлжээний төхөөрөмж болон мэдээлэл хадгалах серверүүдэд, харин үлдсэн хэсэг нь барилга угсралт, цахилгааны дэд станц, шингэн хөргөлтийн систем, газар эзэмшил болон инженерчлэлийн бусад зардалд ашиглагддаг байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.