Z үеийнхний оройлж буй “Азийн хавар” “Арабын хавар”-аас ямар ялгаатай вэ?

Z үеийнхний оройлж буй “Азийн хавар” “Арабын хавар”-аас ямар ялгаатай вэ?


   Сүүлийн гурван жилийн хугацаанд улс төрийн авлига, эдийн засгийн тэгш бус байдал гүнзгийрсэн Балба, Бангладеш, Шри Ланка зэрэг Өмнөд Азийн томоохон орнуудад шинэ үеийн залуус бухимдлаа илэрхийлж эсэргүүцэн боссоноор улс төрийн дэглэмүүд дараалан унав. Энэ үзэгдлийг “Associated Press” зэрэг хэвлэлүүд 2010 оны эхээр Ойрх Дорнод, Хойд Африкийг хамарсан "Арабын хавар"-тай харьцуулж, "Азийн хавар" хэмээн нэрлэжээ. Гэхдээ сүүлийн үеийн жагсаал Арабын хавраас ялгаатай нь Z үеийнхэн (1990-ээд оны дунд үеэс 2010-аад оны эхэн үед төрсөн) манлайлж буй онцлогтой юм. Тухайлбал Балба улсад авлига, хээл хахуульд дургүйцэх байдал нэмэгдэж байсан эгзэгтэй үед хуучинсаг Засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгслийн томоохон платформуудыг хориглосон нь эсэргүүцлийн гол өдөөгч боллоо. Тус улсын хүн амын 56 орчим хувийг 30-аас доош насныхан эзэлдэг. Тэд бараг олон нийтийн сүлжээгээр амьжиргаагаа залгуулж, хүмүүстэй харилцаж, гадаад дахь хамаатан садантайгаа холбоо тогтоож, мөнгөн гуйвуулга хүртэл хүлээн авдаг. Ийм байтал Засгийн газар олон нийтийн сүлжээг хаасан нь Z үеийнхний гол судсыг тасалснаас өөрцгүй зүйл болсон юм. Хуучинсаг улс төрчдийн гаргасан энэ шийдвэрт уурссан жагсагчид парламент, Ерөнхийлөгчийн ордон, сайд нарын гэр оронд хүртэл нэвтэрч галдан шатаасан билээ. Эцэст нь төр засаг гаргасан шийдвэрээ цуцалж, ерөнхий сайд огцорсон ч нэмэр болсонгүй. Энэ бол хуучинсаг улс төрчид шинэ үеийнхнээсээ үнэхээр хол хоцорч, тэд юуг эрхэмлэж, юунд тэмүүлж буйг ойлгоогүйн тод жишээ юм. Энэ бүхэн зургаан сарын өмнө YouTube дээр тавигдсан төгсөлтийн баярын бичлэгээс эхлэлтэй. Уг бичлэгт 16 настай Айшкар Рос гэх хүү баярын үг хэлэхийн оронд ахмад үеийнхний авлига, чадваргүй байдлыг зэмлэн "Залуус аа, босоцгоо. Бид өөрчлөлтийн галт бамбар болж чадна" хэмээн хашгирсан нь олон нийтийн сүлжээгээр маш хурдан тархаж, Балбын залуучуудын сэтгэлийн дуудлага болсон юм. Жинхэнэ том эсэргүүцлийг Хами Непал залуучуудын төрийн бус байгууллагын тэргүүн Судан Гурунг зэрэг Z үеийн удирдагчид зохион байгуулсан бөгөөд улс даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, залуусын оролцоог идэвхжүүлэхийн тулд шинэ үеийнхний түгээмэл хэрэглэдэг “Instagram болон Discord платформыг маш сайн ашигласан. Сайшаалтай нь тэд хүчирхийллээс эрс болгоомжилж, хүчирхийлэлгүй эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болгон сургуулийн дүрэмт хувцсаа өмсөж, ном авч явахыг уриалж байв. Жагсагчдын зорилго ерөнхий сайдыг огцруулахаар хязгаарлагдсангүй. Ерөнхий сайд 9-ний өдөр огцорч, олон нийтийн сүлжээний хоригийг цуцалсан ч жагсаал цуглаан үргэлжилсээр улс төрчид болон Z үеийнхний дуу хоолойг багтаасан өргөн хүрээний зөвшилцлийн засгийн газар байгуулахыг шаардсан юм.

   Балбаас өмнө 2022 онд Шри Ланкад залуучуудын зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал мөн Засгийн газрыг унагасан билээ. Тухайн үед ерөнхийлөгч Готабая Ражапакса болон түүний гэр бүлийн авлига, улс төрчдийн буруу бодлогын улмаас улс орон дампуурч буйг эсэргүүцсэн шинэ үеийн залуус ерөнхийлөгчийн ордныг эзэлж, ерөнхийлөгч удалгүй улс орноо орхин зугтсан юм. Эсэргүүцлийг тэргүүлсэн залуус Ерөнхийлөгчийн Тамгын газрын өмнө майхан бааз байгуулж, эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байсан бөгөөд эцэст нь 2024 оны сонгуулиар ард түмнээс сонгогдсон Анура Кумара Дисанаяке ерөнхийлөгч болж, тогтолцооны бүтцийн өөрчлөлтөд томоохон алхам хийсэн юм.

   Бангладеш улсад өнгөрсөн оны долоодугаар сард болсон оюутнуудын эсэргүүцлийн жагсаал ерөнхий сайд Шейх Хасинагийн 15 жилийн засаглалыг төгсгөл болгов. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын квотын тогтолцоонд дургүйцэж, мэдлэг чадвартай хүнийг биш, тодорхой бүлэглэлд урамшуулал болгох маягаар төрийн албыг наймаалах болсонд эгдүүцсэн залуус эсэргүүцлийн жагсаалыг манлайлж байлаа. Жагсаалын үеэр цагдаа нартай мөргөлдөж олон зуун хүн амиа алдсан нь залуучууд төдийгүй жирийн иргэдийн дургүйцлийг төрүүлжээ. Эцэст нь Ш.Хасина огцорч, Энэтхэг рүү зугтсан юм. Ингэснээр Нобелийн энх тайвны шагналт Мухаммед Юнус тэргүүтэй шилжилтийн засгийн газар байгуулагдаж, Бангладеш улсад шинэчлэл хийх замыг тавьсан юм.

   Эдгээр гурван улсад болсон эсэргүүцлийн жагсаал 2010-аад оны Арабын хавартай олон талаар төстэй бөгөөд авлигад автсан улс төрчдийг эсэргүүцсэн, жагсаалыг залуус манлайлж байсан, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дуу хоолойгоо сайн түгээж чадсан зэрэг нийтлэг талтай байв. Харин “Арабын хавар нь дарангуйллыг түлхэн унагаах гэх мэт улс төрийн уриа лоозон дээр төвлөрч байсан бол Азийн хавар” нь эдийн засгийн тэгш бус байдал, нийгмийн шударга бус байдлыг арилгах зэрэг илүү тодорхой, бодитой шаардлага тавьсан юм. Ливи, Сири зэрэг орнуудад иргэний дайн, өргөн хүрээг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэсэн Арабын хавар”-аас ялгаатай нь Азийн орнууд шинэчлэлийн чиг хандлагаа хадгалсаар байна. Жагсагчид зөвхөн тодорхой эрх мэдэлтнийг огцруулах бус, шүүх эрх мэдлийн болон сонгуулийн хороодыг шинэчлэх, хараат бус хяналтын байгууллагуудыг бий болгохыг хүсч байсан болохыг “Bloomberg” агентлаг онцолж "Зөвхөн уурсах биш, улс төрийн тогтвортой өөрчлөлтийг бий болгохын тулд уур хилэнг шинэчлэл рүү чиглүүлсэн" хэмээн тодорхойлжээ. Өмнөд Азийн Z үеийнхний авчирсан дэглэмийн өөрчлөлт нь зөвхөн дотоодын улс төрд төдийгүй Азийн улс төрд, ялангуяа Хятад, Энэтхэгт ихээхэн нөлөө үзүүлэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.